2008/10/04

Нэг сайн vйл хийгээд, нэг муу хэрэг vйлд

Хар цагаан хэл амнаас үнхэлцгээ хагартал бид айдаг. Өөрсдийгөө манайхан эрэлхэг зоригт Чингисийн удам гэх боловч "Хараал хэлнэ шүү", "Цагаан хэл ам тусчихав аа" гэвэл хоншоорондоо өшиглүүлсэн гөлөгнөөс ч дутуугүй гөлөлцдөг болохоор Монголд ер нь сайн ч биш, муу ч биш тэгсхийгээд л нэг дундуур нь харайлгаж явбал өлзийтэй.

Хүн амьтан алж талаад, хулгай дээрэм хийвэл хараал тусаж, хар хэл ам хүрнэ. Бүр зарим заналтай хохирогчид чонын шөрмөс шатааж хулгайчийн шөрмөсийг нь татуулдаг аргатай. За энэ ч яах вэ, хулгай дээрэм хийсэн этгээдийг хуулиар цээрлүүлж чадахгүй бол хуучин ч гэсэн ардын аргаар "хөөрхөн чадчихвал" сайхан аа.

Харин цагаан хэл ам гэдгийг тодорхойлох ээдрээтэй. Хэдэн жилийн өмнө надтай нэг хөгийн явдал тохиолдлоо. Миний нэгэн найз хөнгөн тэрэг худалдан авч, би үнэн сэтгэлээс баяр хүргэсэн юм. Гэтэл баяр хүргэсэн биш балардаг байна шүү, харин. Сарын дараа мань хашир согтуу давхиж яваад осолд орж хөнгөн бэртчихээд миний цагаан хэл ам хүрсэн гээд баахан ном уншуулсан гэж байгаа юм, ёстой солиотой.

За, энэ яах вэ? Юу ч биш. Надтай бас нэг онигоо шиг явдал тохиолдож билээ. Чухам юу болсон юм бэ бүү мэд, цуг ажилладаг нөхөр маань намайг гэнэт магтаж гардаг юм байна. Магтаал мансуурсан миний бие сүүлдээ санаа зовж, өөрийг нь эргээд магттал, өнөөх чинь гэнэт царай нь хувиран
-Хөөе чи боль цагаан хэл ам хүрчихнэ гэж зандардаг байгаа. Ёстой хэлэх үг олдоогүй шүү.

Үгүй нээрээ, энэ хорвоо гэж их сонин юм аа...Бодоод үз л дээ, ядуу явбал амьдрал хэцүү. Чамайг хэн ч хүн гэж тоохгүй, толгой дээр чинь сарьчихаад л тоосон шинжгүй өнгөрнө. Харин жаахан баяжвал өнөө цуглуулсан хэдээ үрэн таран хийчэх вий, хар цагаан хэл амнаас хүрчих вий гэсээр олигтой ч аз жаргалыг мэдрэхгүй цаад төрөл рүүгээ гулсчихдаг.

Хаяа надад бусдыг сэжиглэн, хамраа сөхсөн хүнийг хараад энэ ингэж ярвайж түргэн хөгширч байхаас “томроогүйсэн” бол арай дээр байж дээ гэж бодогддог юм. Хэрэв алдах юмгүй цагаан хэл ам хүрчихнэ гэж айдаггүйсэн бол ядахнаа амьдралын баяр баясгаланг бүрэн мэдэрч ярвайсаар нүүрээ үрчлүүлэлгүй залуугаараа жаахан удаан явах байсан юм билүү.

За энэ ч яах вэ, бидний санасан бүхэн сэтгэлчлэн бүтвэл аз жаргалтай байна гэж бодъё, гэтэл Монголын буянтай эцэг эхчүүд маань үр хүүхдийнхээ амжилтаас болж их зовдог бололтой. Үнэндээ монгол хүний эцэг эх үрсийн харилцаа тун өвөрмөц. Эхийн жаргал үрээс, үрийн жаргал эхээс эхтэй гэдэг чинь жинхэнэ Монголд л биелэлээ олдог зүйл шүү дээ.

Тэгээд л олны танил, нэр цуутай манай алдартангуудын аав, ээж байнга л үр хүүхдэд маань цагаан хэл ам хүрчих вий гэсээр сэтгэл санаа нь тавгүйтэж санчигаа бууралтуулж суудаг юм байна.

Ганцхан жишээ татахад л арлын Япон байтугай дэлхийд Монголын нэрийг дуурсгадаг Асашёорюүогийн ээж бид бүхний л эцэг эхийн адил хүүхдүүдээ сайн яваасай, цагаан хэл ам бүү хүрчхээсээ хэмээн шаналан явдаг нэгэн аж.

Хүүгийнх нь гаргасан амжилт, нэр цуу, өрсөлддөг спорттой нь дүйцүүлэх юм бол Монголд хамгийн их цагаан хэл амнаас айдаг хүн гэвэл яах аргагүй Пүрэвбадам гуай болж таарна. Учир нь яг өнөө үед монголчууд дундаасаа хамгийн золбоолог, хамгийн хийморьтой яваа хүн Дагвадорж гэдэгтэй маргах хүн олдохгүй байх. (Түүтүүтүү, мод тогшив)

Хүү нь хамгийн хамгийн явахад цагаан хэл амнаас айдаг монгол эхийн зовлон хамгийн хамгийн байх нь мэдээж. Тиймээс өчүүхэн миний бие энэ буянтай эхийн сэтгэлийн зовлонг жаахан ч атугай хөнгөлөх гэсэндээ энэхүү бичлэгийг тэрлэн сууна.

Би Пүрэвбадам гуайд миний болон манай гэр бүлийнхний зүгээс Дагваад цагаан хэл ам хүргэх ямар ч хүсэл байхгүй шүү гэдгийг баттайгаар хэлмээр байна. Би болон миний том хүү (одоо таван настай) Дагваагийн улаан фэн бөгөөд шүтдэг сумогоо ямагт ялаасай, бүү бэртэж гэмтчихээсээ хэмээн залбирдаг. (Түүтүүтүү дахиад мод тогшив)

Нэг ч гэсэн хүн хүүд нь цагаан хэл ам хүргэхгүй гэж илэн далангүй хэлж буй нь монгол эхэд сайхан байх болно. Эс тэгвээс үхтэл үр харам гэдэг монгол эхчүүд үр хүүхэд нь улам амжилт үзүүлж, олны анхаарлын төвд байх тусам цөхрөнгөө барж адаг сүүлд нь сайн үйлс хийхийн хажуугаар саар юм хийж байх хэрэгтэй гэсэн философт хүрдэг бололтой. Ингэж “цөхрөнгөө барсан” философт хүрдэг нь Дагвадоржийн ээжийн хувьд арга ч үгүй мэт. Үнэндээ улсынхаа Ерөнхийлөгчөөс илүү хүү нь дэлхийд алдаршхаар жирийн нэгэн монгол эх юу эсийг бодох билээ дээ.

“Монголын нэг өдөр” сонин дээр бичсэнээр бол их аварга Дагвадоржийн аав улсын заан Д.Долгорсүрэн хууль бус самрын наймааны хэрэгт холбогдож эднийхэн тун ч барцадтай байгаа юм байна. Тэгээд тус сонины сэтгүүлч энэ хэргийн талаар Пүрэвбадам гуайгаас асуухад “Ийм хэл яриа гарсанд харин ч бид баярлаж сууна. Энэ их цагаан хэл амны хажуугаар иймэрхүү муу хэл ам байвал их зүгээр. Долгорсүрэн ах дүү нартаа туслана гээд гадуур л яваад байдаг юм. Хохь нь” гэж хариулсан байх юм.

Энэ үгийг хар цагаан хэл ам гэж ойлгодоггүй харийн хүнд ойлгуулах гээд та оролдоод үз л дээ. Би бол ингэж л ойлгуулна. “Ийм яриа гарсанд бид баярлаж байна. Энэ их магтаалын хажуугаар иймэрхүү муулах нь их зүгээр. Долгорсүрэн ах дүү нартайгаа их луйвар хийсэн юмаа. Хохь нь”

Өөрөөр хэлбэл сайн юм хийчхээд саар юм бас үйлд гэсэн утгатай үг хэлжээ. Тэр утгаараа ч Дагвадоржийн алдар нэр түгэх тусам үүнтэй тэнцэхээр муу хэрэг хийх ёстой болох нь дээ. Тэгэж байж л цагаан хэл амнаас хол явж аз жаргалтай амьдрах гэнээ.

Саяхан Дагвадорж жүжигчин Эрдэнэзааныг “тавьсан” сурагтай. Энэ нь хар цагаан хэл амыг тэнцүүлж байгаа хэрэг ажээ. Монгол хүмүүжлээ гэж, миний том хүү “Манай аавын надад үлгэр дуурайлал болгодог Асашёорюүо хүн зоддог юм чинь би ч гэсэн зодно” гээд зүтгэвэл одоо яана. Арай л биш л юм аа. (Толгойгоо сэгсэрэв)

Ингэхэд аав ээжийг маань амар байлгах арай аятайхан сургаал цаана чинь байна уу…

No comments: