2008/10/04

Лондонд зурсан нь



Монголд олон авьяаслаг зураачид бий. Харамсалтай нь тэд зургаа зураад, сайхан амьдарч чаддаггүй хэмээн хуучлан суугаа залууг Энхтайван гэдэг. Тэрээр Англид ирээд удаж байгаа ба бидний нэгэн адил ''Лондонгийн амьдралд чанагдан'' хүний нутагт идээшиж явна. Гэхдээ Тайван онцгойрох бас чанартай. Тайван зураг зурдаг.


Харийн газар авьяасаараа амьдралаа залгуулаад явна гэдэг хэцүү. Тэр дундаа орчин цагийн уран зураг өндөр хөгжсөн Их Британид зургаа худалдана гэдэг бүр хэцүү. Иймээс английн монголчуудын дунд зураач Тайван хэмээн алдаршсан залуутай нэгэн үдэш хүүрнэн суутал санамсаргүй шахам сонирхолтой сэдвүүдээр яриа өрнөсөн учир түүвэрлэн бичэж түмэн олонтойгоо хуваалцья гэж бодлоо. Монголын зургийн сургуулийн бүтээгдэхүүн Өрнөдийн соёлд хэрхэн ''хатаагдсан нь'' сонин билээ.

Зурах ба бичэх нь

'Би Лондонд кармаандаа 200 ногоонтой бууж байлаа. 160-ыг нь солиулаад 4 бийр, усан будгийн цаас, усан будаг авч билээ. Анх ирээд зурсан зургуудаа харахаар инээд хүрдэг юм. Нөгөө л бардам Монгол сэтгэхүйгээр баатар, морь, зэр зэвсэг зуран автобусныхаа билетийг ч авахаас нарийлан, Хайд Парк руу алхана шүү дээ…Одоо бодоход зоригтой байж, тэндээс л их зүйлийг ойлгосон доо. Худалдан авагчдын харц бүхнийг хэлээд өгнө. Миний зураг руу хүний урманд тогтож харахгүй. Харин манай зургийнхны хэлдэгээр зүгээр л ''бичлэг'' бол гүйнэ. Худалч хүнд бараг зураас татахад л болчихож байгаа мэт. Хажуухан талд тав, зургаан зуун паунд тоолоод авч байхыг хараад л зогсдогсон. Тэр үед би бол ''зурдаг'' байж л дээ. Нарийн зурах гээд л үзэж тарна шүү дээ. (Ханан дээр зурж байгаагаар харуулав).


'Хүссэн хүсээгүй зургийн хэлбэр, зурах гэдэг ойлголт маань өөрчлөгдлөө. Орчин цагийн урлагийн бүтээлүүдийг сонирхон, үзэсгэлэн үзэж чадах ядахаараа л өөрийгөө цэнэглэв. Голчлон Andy Warhel, Takashi Murakami нарын бүтээлүүдтэй танилцав. ''Зурахын'' оронд сэтгэдэг болсон ч гэх юм уу. Хуучны алслалт, гэрэл сүүдрийг гээж шинэ алслалт, гэрэл сүүдрийг хайдаг болсон ч гэх үү дээ, өөрийнхөөрөө л шүү дээ. (инээв)’

Хөгжлийн тухай ойлголт

‘Ер нь бүх юм уялдаатай. Хөгжилтэй газар урлаг цэцэглэдэг. Энд урлаг хэрэглээний тал руугаа их хэвийсэн байна. Манайхан цэвэр урлаг гээд ахуйгаа анзаарахаа байчихдаг талтай шүү. Гэтэл ахуй нь хоцрогдохоор урлагаа чангаагаад урагшлуулдаггүй бололтой. Ахуйгаа урлагтай холиж байж л ард түмнээрээ үнэллүүлдэг болох мэт санагдсан шүү…Энэ л одоо миний хөгжил гэдэг ухагдахуун юм уу даа, (инээв)…Үнэхээр л орчин цагийн урлаг, ахуй хоёрыг холиж л чадвал хөгжлөө л гэсэн үг'


'Хэрэв эдний нийгмийг ажиглавал урлагынхан нийгмийн дэвшил өөрчлөлтийг манлайлдаг. 60-д оны үед Англид том өөрчлөлтүүд гарсан. Энэ өөрчлөлтүүдийг урлагынхан бараг сэдрээсэн. Битлз тэр үед гарсан. Тэдэнд чөлөөтэй сэтгэх боломжийг олгосон нийгэм нь хожсон...Марзан Шаравын үед Монгол задгай сэтгэжээ. Харин сүүлд нь хавчигдмал байснаас манай дүрслэх урлаг өөрийн өвөрмөц замаар хөгжиж чадаагүй билээ. Дүрслэх урлаг өвөрмөц өнгөө гээсэн учир өнөөдөр бид ''өвгөн'' зурахаас цаашгүй л болсон байна. Орос нэг өнгө тавихаар Монгол ижил өнгө тавидаг байлаа. Одоо эндээс л гарахын тулд хурдан ''баруунжих'' хэрэгтэй. Орос, Хятад хоёрын нөлөөн доор бид олигтой хөгжихгүй ээ.'


'Хөгжилтэй улс нь хөгжилгүйгээсээ, хөгжилгүй нь хөгжилтэйгөөсөө байхгүй юмаа авч байна. Баруунд бүх юм бүтэмжтэй гэж хэлэхгээгүй шүү. Энд ч мөн гацмал, зогсмол зүйл бий. Гэхдээ энийг бас гутрангуйгаар үзэх ёсгүй юм. Болдог юм болж байгаа хэрэг. Аливаа юмс ямар нэг хэмжээгээр хязгаарлагдмал чанарыг агуулдаг. Тиймээс гаднаас авах нь зайлшгүй. Чухам энэ процессад л бид ухаантайгаар оролцож чадвал хөгжилд тустай.'

Маяг ба интерьер

'Зураачид интерьер рүү их түлхүү ормоор юм байна. Энд зураг их зарагддаг чинь үүнтэй ч холбоотой. Ер нь бодоод байх нь ээ, гэрээ тохижуулаад зураг авах болохоос зураг аваад гэрээ янзлахгүй. Хүн угаасаа нэг зураг авчихаад түүндээ тохируулаад гэр орныхоо тавилгыг авахгүй биз дээ. Харин гэрийнхээ интерьерт тохируулаад зургаа авна. Поп артын зургийг Монгол гэрт өлгөвөл зохихгүй шүү дээ…Надаас нэг залуу зураг авах гээд гэртээ дагуулж очиж байсан. Гэтэл гэрт шалан дээр нь хана түшүүлээд тавьсан 18-р зууны үнэтэй зураг байж байгаа юм. Түүнийгээ ч мань хашир мэдэж байсан. Миний зургийг авдаг нь гэвэл гэрийнх нь шинэ зассан интерьерт илүү зохицсон учир юм.'

Тайван дизайн гэдэг үгийг маяг гэж хэлэх дуртай. Нээрээ ч маяглах гэж л маниус нь гангардаг юм биш үү. Өнөөдөр маяг муутай, нүсэр, үнэтэй хувцас өмсөж, алт мөнгөөр өөрсдийнхөө гоо сайханыг далдлахын оронд ялангуяа залуус бол хямд төсөр маяг сайтай хувцаслаж байвал хэн, хэндээ л хэрэгтэй юм хэмээн түүний ярьсан нь тун зүйтэй санагдсан шүү. Наад зах нь мөнгөнд хэмнэлтэй, хувцасны маяг дизайныг ойшоох мэдрэмж маань ч хөгжинө.

'Манайхан их нүсэр хувцасладаг шүү дээ. Жаахан нас ахиад эхлэвэл алт мөнгөөр өөрсдийгөө булаад, худалч хүнд бараг нэг ломбард ажиллуулчих дайны юм болчихно шүү (инээлдэв) Энэ нь нүүдэлчин сэтгэхүйтэй ч холбоотой байдаг байх. Монголчууд бол хоолгүй шахам хонож байгаад нэг үнэтэй цайтай дээл аваад өмсчих нь элбэг. Харин энд анзаараад байхад хүмүүс хоолондоо илүү анхаарах юм. Хүмүүс ганцхан хувцсаараа ялгарах биш амьдрах хэв маягаараа ялгарахыг илүү хичээдэг мэт санагдсан.'

Зураачдыг бүү зод

'Монголын ихэнх зураачид ядуу. Авьяаслаг зураачид өнөөдөр жинхэнэ бүтээлээ хийж чаддаггүй. Өнөөгийн доройтсон сэтгэлгээнд тохируулан Чингис, чоно, морь, уул, хад зураад л амиа зогоож байна шүү дээ…Мэдээж юм хоёр талтай л байх л даа. Зураачид нь олигтой юм хийхгүй учраас ард түмэн ч ойлшоодоггүй байж мэднэ. Гэхдээ л бид одооноос л монгол хүний бүтээлийг үнэлж сурахгүй бол урлаг ч мөхнө, Монгол ч мөхнө. Яагаад гэвэл урлагийн хүн хэзээ ч үндэстний элементээ мартдаггүй. Заавал ямар нэг хэмжээгээр дөвийлгөхийг чармайдаг. Тэр утгаараа урлаг бол тусгаар тогтнолын баталгаа.'

'Тэгээд ч нийгмийн хөгжил урлагтайгаа маш холбооотой. Иргэд өөрсдийн соёл урлагийнхны хөдөлмөрийг үнэлж сурахгүй бол тэр улс хөгжихгүй. Тиймээс манай ард түмэн зураачдаа дэмжээд, ганцхан зураач ч биш урлагийнхныг дэмжээд, хийсэн юмных нь төлөө мөнгө өгөөд сурчихвал бид өөрийн үнэт зүйлстэй хөгжинө.'

'Урлагийн мэдрэмж л нарийсвал соёлтой хүн гэгдэнэ биз дээ. Урлагийн мэдрэмж бол хүн өөрөө өөрийгөө хүндлэхээс эхлэнэ. Өөрийгөө хүндэлсэн хүн эрүүл мэндээ анзаарч, амьдрах ахуйгаа тохижуулна. Наад зах нь хоолондоо анхаарч, уушиг хордуулсан утаатай Улаанбаатарт суухыг ч хүсэхгүй. Тэгэхээр өөрийгөө хүндэлж сураагүй ард түмэнд урлагийн мэдрэмжийн тухай ярих нь бас ахадсан байж мэдэх юм.'

'Энд урлагийг өндөр үнэлж байна. Миний нэг зураг заримдаа 450 паунд хүрдэг. Өдөрт би хаяа 600, 500 паундтай буудаг, энийг гайхуулж хэлж байгаа юм биш л дээ. Зүгээр л хэрэв энэ бүтээлүүдийг Монголд зарах гээд үзвэл хэн ч худалдаж авахгүй гэдгийг л хэлэх гэсэн юм…Урлагийг бодитойгоор дэмжих сэтгэл Монголд алга байна шүү дээ.'

'Бүтээлээрээ амьдрах нөхцөл манайд бүрдээгүй. Соц-ын үед төр зураачдын бүтээлийг худалдаж авдаг байлаа. Харин ард түмэн урлагийн бүтээлийг ойшоож худалдаж авч сураагүй…Оросод тухайн үед Репин, Суриковын академи төгсөж ирсэн зураачид Монголд ирээд энергээ задалж чадалгүй үхцгээдэг. Тэд сайн шавь нар байсан байх, Монголд ирээд сайн багш нар болсон, харин сайн зураачид болж чадаагүй ээ. Яагаад гэвэл нийгэм нь хүлээж аваагүй шүү дээ.'

'Өнөөдөр Монголд хамгийн бухимдсан хүмүүс бол урлагийнхан байна. Зураачид их архи ууж байна. Олон сайхан зураач архинаас болж амиа алдсан. Би энд хийсэн бүтээл маань эзнээ олно гэдэгт итгэдэг учраас зургаа зурахад архины тухай боддоггүй. Архи байтугай тамхиа ч мартдаг…Миний багш Мөнхдалай эрүүлжүүлэхэд үхэхэд би ч ихийг бодсон доо. Монголын том зураач Дуйнхаржав цагдаад зодуулаад үхэхэд түүнийг зураач гэдгийг тоогоогүй л байхгүй юу! Тиймээс би заримдаа цагдаа нараас гуймаар санагддаг юм. ЗУРААЧДЫГ БИТГИЙ ЗОДООЧЭЭ…'

No comments: