2008/10/04

Хар домог

Монголчууд хэзээний харгис зэрлэг, дайтахын төлөө л амьдардаг, эзэлсэн орнуудынхаа хот суурин, соёлын өвийг үнсэн товрог болгож байсан хэрцгий бүдүүлэг улс гэсэн ойлголт түгээмэл. Европынхон монголчууд болон оросуудыг үл тоомсорлодог, үл хүндэлдэг төдийгүй хятад, энэтхэг, арабаас дор үздэг энэ атгаг үзэлд Л.Н.Гумилев "Хар домог" ("Черная легенда" друзья и недруги великой степи) номдоо "Муу муухай дорд үндэстэн гэж байдаггүй" гэсэн санаанд тулгуурлан түүхэн тайлбар, баталгаа нуталгаатай няцаалт өгсөн юм. Энэ номыг манай нэрт орчуулагч К.Аким зохиогч энэ номоо зохиогч эх орондоо хэвлүүлж чадахгүй байхад гар бичмэлээс нь монгол хэлнээ хөрвүүлж, 1992 онд хэвлүүлж гаргасныг, саяхан энэ сэдэвтэй холбогдолтой нийтлэл, ярилцлага сэлтийг хавсаргасан орос эхийг нь уншлаа. Аким гуай мөн ч сайхан орчуулжээ.
Энэ номны хэсгээс түүвэрлэн сийрүүлбэл: "Тэр үед англи, германы баронууд болхи задгай зуухаар чулуун шилтгээнээ дулаацуулж, тариачид нь шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин, саравчинд өвөлжин зутарч байхад нүүдэлчид агаар цэвэр тос даасан эсгий гэртээ аргалын галаа дүрэлзүүлэн жаргаж байсан юм. Чухамхүү сууц гэдэг эд өлгийн болон оюуны соёлыг хөгжүүлэхэд чухал тав тухыг тодорхойлном билээ. ...нүүдэлчдийн зэвсэг болох мод, эврээр хийсэн их гарын нум кельтийнхээс бусад европын аль ч улсын нумаас хоёр дахин хол тусдаг, ...монголчуудын өмсдөг булган малгай, үеэн дээлийг Европт вангууд л өмсдөг, ...талын ард түмэн нь оюуны хувьд ч, соёлын хувьд ч аж байдлын хувьд ч (тохилог тансаг гэсэн утгаар), баатар зоригийн хувьд ч, чин шудрагийн хувьд ч лалчууд хийгээд европын рыцаруудаас даан ч дутахгүй байсан юм. Товчоор хэлэхэд, нүүдэлчдийг жигших үндэс байхгүй". Оросын нэрт түүхч, газар зүйч Л.Н.Гумилев "Би орос хүн, бүх насаараа татаруудыг муулж гүтгэхээс хамгаалж ирлээ" гэсэн байдаг. Номын төгсгөлд Аким гуай "Манай ард түмний өмнөөс хэлмэгдэн зовж, шудрага үнэний төлөө мохолтгүй тэмцсэн энэ эрдэмтнийг манайхан хүнд суртал, захиргаадалт хүчирхийллийн үед даан ч тоохгүй, бараг дайсан мэтээр үзэж байсан нүглийг наминчлаад барна гэж үү" хэмээн халагласан байна.
"Оросыг шүүрдвэл татар л гарна" гэсэн хэлц байдаг. Дундад зуунд Их Монгол улсын бүрэлдэхүүнд орж явсан татаар аймгийн нэрээр талын бүх нүүдэлчдийг европынхон төсөөлдөг байснаар татар-монгол гэж андуу нэрлэх болсон тул татарт хандах үл тоомсорлох үзэл манай монголчуудад шууд тусдаг. Арабууд Оттоманы эзэнт гүрэн байгуулахад эзлэн түрэмгийлэх дайн олон хийхдээ гэмгүй өчнөөн хүмүүсийн цус урсгасан. Загалмайтны удаа дараагийн дайны хөлд европын ард олон нэрвэгдэж байв. Өрнөдөд дээд давхаргийнхны амьдралын зорилго нь "дайн" болсон үе байсаан. Монгол нэрэн дор нэгдсэн талын нүүдэлчид өөр үндэстэн, улсаас илүү ч үгүй дутуу ч үгүй "зэрлэг байж" тив дамнасан их гүрнээ байгуулжээ.
Орос оронд хориотой шахам байсан Л.Н.Гумилевын бүтээлүүдийг 2000 оны эхээр бүгдийг хэвлэн гаргажээ. Ер нь Гумилевын номыг уншихад түүх өгүүлээд байгаа хирнээ яруу тансаг хэлээр цэгцтэй ойлгомжтой бичигдсэн байдаг тул нэг барьж авбал дуусгахаас нааш салахын аргагүй, бараг адал явдалт уран зохиол шиг сонирхолтой байдаг. Түүний бүтээлүүд монголын түүхийг эерэг талаас нь гарган тавьж монголчуудыг гадаад ертөнцөд зөвөөр ойлгуулахыг эрмэлзсэн байдаг болохоор монгол хүнд таалагдах нь ойлгомжтой. "Ах дүү монголын ард түмэнд зориуллаа" гэж эхний хуудсандаа бичээстэй Л.Н.Гумилевын "Байгаагүй орны эрэлд" (В поисках вымышленного царства) номыг амтархан уншиж оросын энэ түүхчийн бүтээлтэй анх танилцаж байлаа.
"Монголд омог аймгийн холбооны уламжлалт зарчмыг халж "хаан" гэдэг албан тушаалд удирдагчаа сонгодог, сонгосон хойноо Их засаг хуулийн дагуу үйл хөтлөх хаанд үг дуугүй захирагддаг нь цэргийн ардчилалын дэвшилтэт хэлбэр байв. Их цус урсаж, уй гашуу учирч байсан ч Их талд итгэснийг хуурч мэхэлдэггүйгээрээ соёл иргэншилтэй бусад орноос ялгарч байв." хэмээн Л.Н.Гумилев дүгнээд, "Христос, лалын бүх улсад айдас хүрэм эзэрхэг ёс, эмх замбараагүй байдал оршиж, амьд явна гэх, эд хөрөнгө бүрэн, нэр төр бүтэн байна гэх баталгаа байхгүй, ер нь аж төрөхөд маш хүнд байна. Их хааны улсад бол хууль, эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг үйлдчихгүй л бол туйлын амар тайван сууж болно" гэж тэр үеийн монголчуудыг мэдэх Марко Полог иш татжээ. Манайхны тухай ямар сайхан үгийг үе үеийн түүхчид харамгүй хэлээ вэ.
Монгол авгайтай голланд эр: "хулгай хийхгүй ажил хийгээд амьдарч болно гэдэг менталите монголчуудад яагаад байдаггүй юм" гэж асуухад, бибээр хариуд нь "хулгай хийж үзээгүй болохоор ийм сэтгэлгээ байдаг гэдгийг мэдэхгүй юм" гэж арзайсан ч, нүүр улайж, хүний өмнөөс ичих ямар хэцүү байдгийг ясандаа тултал мэдрэв шив. Голланд нөхөртэй монгол бүсгүйг өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрт ороход худалдагч алхам холдохгүй дагадаг байснаа, сүүлдээ хулгайч биш монгол, нутгийн хүний эхнэр гэж мэдээд хардахаа больсон гэж ярьсан. Франц, Бельги, Швейцар дахь манай элчин сайдын яаманд долоо хоног тутам цагдаагийн газраас утасдаж, албан бичиг ирүүлж манай иргэдийн хулгайн хэргийн талаар мэдэгдэж байгаа нь манай монголчуудын баруун Европын орнуудад ажил хийх эрхгүй, визгүйгээр харласан хэсэг нь хулгайгаар дагнаж байгаагийн баталгаа.
Хадгаламж зээлийн хоршоо гэж олон хүний итгэлийг хөсөрдүүлж их хэмжээний мөнгө дээрэмдсэн дуулиантай том залилан гарч байлаа. Хуурч мэхэлдэггүйгээрээ бусдаас онцгойрч байсан монголчууд бараг алхам тутамдаа хуурч мэхэлдэг, түүгээрээ бахархах сэтгэлгээтэй монгол бий болжээ. Төрийн байгууллагад өндөр үнээр хулхи бараа шахаж чадсан гэдгээрээ нутгаас ирсэн хүн гайхуулахад, гадаадад байдаг нь ядаж нийтийн тээврийн хэрэгсэлд яаж туулайчилсан, цаашлаад итгэмтгий гадныхныг яаж залилсан, супермаркетэд амархан хулгай хийснээрээ бахархах жишээтэй. Хүнд итгэсэн байвал, монгол хүнд мөнгө зээлдүүлсэн байвал маанаг тэнэгээрээ дуудуулдаг болоод байна.
Бид өвөг дээдэс шигээ хууль дүрмээ чандлан сахиж байна уу? Нийгэмд маань эмх журамтай амар тайван аз жаргалтай амьдрах нөхцөл байна уу? Хуурч мэхэлдэггүйгээрээ бусдаас онцгойрч байсан монголчуудад энэ эрхэм чанар ер хадгалагдаж үлдсэн гэж үү? гээд сэтгэл эмзэглүүлсэн олон асуулт ар араасаа цувна. Өнөөгийн монголчуудын тухай түүхчид юү гэж хэлэх бол? Тэдний нүдэнд өртөж хорь, хорин нэгдүгээр зууны түүхийн хуудсанд багтах болов уу? Монголчуудын тухай хар домгийг няцааж, бүх насаараа монголчуудыг өмөөрч түүнээсээ болж шоронд хүртэл хоригдож, бүтээл туурвил нь хүртэл хориотой байсан Гумилев гуай одоо амьд сэрүүн байсан бол "хар домог" дахин амилахад хараал идсэн өрнөдийхэн бус орчин үеийн монголчуудын зарим нь өөрсдөө буруутай гэдэгтэй санал нийлж харамсах байсан байх даа.

No comments: