2008/10/02

Угталт

... Угтагсад зүтгэсээр нэгэн хадархаг намхан гүвээн дээр гарахад тоос манан боссон уудам хөндий нүдний нь өмнө цэлийв. Хүмүүс шуугилдаж, элсний нүүдэл мэт нэгэн хэмээр хөдөлж байсан бяцхан нүүдлийн цуваа гүвээний орой дээр бөөгнөрөн зог тусав. Гүвээний налуу бэлээр намар цагийн хатаж гандсан сул цагаан өвсний толгой хүрэнтэн шуранхайлна. Сорхагтани Бехийн сэтгэл хөөрч хүүгээ харвал өдөржингийн уйтгартай аялалд ядарч залхсан хөвүүн нь үхэгт тэрэгний дээд хөндөл модыг сугаараа тэгнээд нэгэн хэмээр чихран дуугарах тэрэгний зөөлөн явдалд бүүвэйлэгдсээр тухтай нь аргагүй унтжээ. Зүс үзээгүй аавдаа хэмээн эртнээс л бэлдэн шөрмөсөн шидмэсээр хэлхэж холбосон азарган чонын хос шагай божгор бор гараас нь мултран тэрэгний тавцан дээр унасан байв. Сорхагтани Бехи шагайг авч хүүгийнхээ баривчны энгэрт хийгээд өнөөх хөндийн зүг хараачиллаа. Энд тэндгүй хэсэг бүлгээрээ морьтон эрс давхилдан, тэрэг, ачаа, адуу мал багшрана. Гэтэл хэдэн өдрийн туршид цувааны хойно өмнө орон шувуу, туулай үргээж явсан арваад насны хэдэн зүггүй хөвүүд тэсэлгүй морины жолоог сул шидэн, ташуур гозолзуулан орилолдсоор хөндийн зүг чавхдуулчихав. Цувааг ахалж яваа шингэн сөрвөгөр сахалтай Хорчийн хашгичхыг ч сонссонгүй. Хорчийг ташуур гозолзуулан зангахад цувааг хамгаалж явсан сумч цэргүүдээс хэд нь тэдний хойноос морио давиран дэргүүллээ. Өөр цагтсан бол Хорчи тийн үг сүггүй зүггүйтсэн хөвүүдийг ойлсон даага сарвууг хураахын адилаар тас шавхуурдан хөөж ирээд гөрмөл ташуурын ормыг шөрмөслөг хонгон дээр нь гайгүй сайн үлдээж өгөхсөн билээ. Гэвч энэ удаад Хорчийн нар салхинд онгосон хатингар хөх царай нь ууч сэтгэлээр гийжээ.

Бараг жарны өмнө Найманы цуут жанжин Хөгсүү Сабрагийн туг, сүлдийг энэхүү уудам хөндийд хийсгэж сартуул, хашин, хиргис хийгээд хар хятадын цөсийг цалгиаж, сүрийг бадруулж явсан өвгөн найман Хачирийн сөхөгдөхийг аль хэдийнээс больсон шалхагар зовхийг нэгэн сумч цэрэг эвэр ялтсаар тэвхдэн сойж өгөхөд өтөл хониных шиг өргөн цэхэр хүрээ татсан улаан нүдний гөлгөр харц нь амь орон чичирхийлэв. Төдөлгүй өвгөний хацар нүүрний арьс татвалзан, дарвагар улаан ам нь өмөлзөөд эхлэв. Хэмчигийн газраас их цэрэг эргэсэн сураг сонссон анхны өдөр л өвгөн найман өдрийн газраас тэмээнд ачуулан Хорчийн хотыг зорин очиж, ялсан цэргийн тоосыг үнэрлэхсэн гэсэн билээ. Хорчи ч түүнийг сараар үргэлжлэх аянд авч явахаас төвөгшөөгөөгүй юм.
Сорхагтани Бэхи унтаж буй хүүгийнхээ ил гарсан хүзүүг даахиных нь үзүүрийг боосон сурны үзүүрээр гижгэдэн сэрээлээ....

..... Цэргийн аяны хуарангийн төвд их гал ноцоожээ. Хуурай бургас цочмог омогтойгоор их дөл гарган шатаж, тас нясхийн очис хаялах нь намрын шөнийн өндөр хийгээд тунгалаг тэнгэрт гялалзах од мичдийн зүгт үсчинэ. Угтагсад ирсэн тул хань ижил, ахан дүүс, эцэг үрс золголдон хуаран хөлтэй, шуугиантай байлаа. Тэгээд ч маргааш өглөө ургах нарнаар угтагсдад зориулсан наадам эхлэх учиртай. Гагцхүү дүгэрэглүүлэн буудалласан хуарангийн төвд байх Их хааны цачир орчимд хөл татруу, хэвтүүлүүдээс өөр хүн үгүй. Цачирын үүднээ залсан дөрвөн хөлт догшин Их хар сүлдний ялгуун илд, онги хийгээд мөнгөн царны хүрээ их галын гэрэлд улбалзана. Гэтэл нэгэн хөвүүн тэвэрч, богтого малгай бүхий залуухан хатан дагуулсан идэрхэн эр түүдэг асаасан талбайг хөндлөн огтлон хааны цачирын зүг ирэхэд хэвтүүлүүд түүнд өчүүхэн ч хориг эс тавих нь Тулуй ажээ. Цачирын төвд тэргүүлэгч цэцэгсийн дүрст дэнгийн дор догшин барсын улаан өнгөт хатгамал бүхий зэс зэвэн унжлагат олбогон дээр нөмгөн сууж байсан их хаан тэднийг хараад алжаан унжсан зовхи нь баяслаар тэнийж, хар хурмаш сиймхийн луут дээлийн асгарсан сул хормойг сэгсрэн тэгшлэв. Их хаан отгон бэр, ач хоёртойгоо наран шингэхийн өмнө уулзан золгосон ч тийн үдшээр ганцаар бүхийд эрийн хамт дахин ирсэнд ихэд баярлажээ.

.... Тэрээр хөвүүний өтгөн хар даахинаас адис аваад удаан ажиглав. Тэгээд
- Бэлгүтэйн багыг хар нүдний өмнө харагдуулав. Хөвүүн лав Бэлгүтэйн адил барилдахад бядтай, ачилдахад адтай болох буй. Ариг усан мэт цэгээн тунгалаг харцтай юм. Харцанд сэтгэлийн чанар буй. Ийм хүн номын буяныг лавтай танина. Иймд хөвүүнийг Аригбөх хэмээсүгэй гэлээ.
Тулуй сэтгэл хангалуун мишилзэхэд Сорхагтани Бехи уруул хөдөлгөн “Аригбөх, Аригбөх” хэмээн хэдэнтээ давтав.

No comments: